27/11/2014
АНУ-ын нефтийн 80 хувийг боловсруулж, дэлхийн нефть бүтээгдэхүүний 70 хувийг хангадаг байсан "Standard Oil" компанийг үүсгэн байгуулагч Дэлхийн хамгийн баян хүн
Ж.Рокфеллерын амжилтын түүх
Жон Дейвисон Рокфеллер 1839 оны долдугаар сарын найманд Нью-Йорк мужид төрсөн байна. Түүний эх нь Христийн шашны Баптист урсгалыг шүтдэг нэгэн байсан бөгөөд хүүдээ "хөдөлмөрлө бас хадгал" гэдэг зарчмыг, ой ухаанд нь, хар багаас нь сургасан аж. Жон хүү нэг жин чихэр үйлдвэрээс нь худалдаж аваад жижиглэн дотор нь чөмөг нэмэн боож, төрсөн эгчээрээ заруулдаг байсан гэдэг. Бүр долоон настай байхдаа өөрсдийн үржүүлж бойжуулсан цацагт хяруулыг хөршүүддээ баярын үеэр зарж, олсон 50 доллараа буцаагаад тэдэнд жилийн 7 хувийн хүүтэй зээлүүлдэг байсан байна. Гэвч тэрээр дунд сургууль ч бүрэн төгсөөгүй нэгэн байсан билээ. Арван зургаахан насандаа аав ээжийнхээ амьдарч байсан Кливленд хотод ажиллаж байхдаа тэрээр гурван сарын ня-бо-гийн курс л төгссөн байна. Хагас жил шахам ажил хайсны эцэст тэрээр "Хьюитт болон Таттл" (Hewitt and Tuttle) компаний ерөнхий нягтлан бодогчийн туслахаар ажиллах болсон аж. Энэ компани эхлээд сард 17 доллар, удалгүй түүний хичээл зүтгэлийг нь үнэлж сарын 25 долларын цалинтай ажиллуулах болжээ. Ийм их цалин авах болсондоо тэрээр ичиж, зовж байгаагаа ний нуугүй хэлж, ажилдаа улам их хичээн зүтгэх болсон байна. Сохор зоосыг хадгалвал мөнгө болдгийг яс махандаа хүртэл ойлгосон тэрээр хамгийн эхний цалингаасаа нягтлан бодогчийн дэвтэр худалдан авч, бүх зарлага, орлогоо тэмдэглэж, энэхүү дэвтрээ насан эцэс болтлоо хайр гамтай хэрэглэж тооцоогоо бодсоор байжээ. Тэрээр дөрвөн жилийн дотор 800 долларын хуримтлал бий болгож дээрээс нь ааваасаа 1000 доллар зээлж өөрийн анд Морис Кларктай хамтран хувийн худалдааны пүүсийг байгуулсан байна.
Энэ пүүсийг хөгжин дэвжихэд АНУ-д болсон иргэний дайн тун ч их тус болсон гэдэг. Байлдаж байсан хоёр тал хоёулаа түүнд санаанд нь багтсан мөнгө төлж байсан бөгөөд харин андууд нь мах, гурил, давс хангалттай нийлүүлдэг байжээ. Дайн төгсөх үеэр Пенсильван мужийн Кливленд хотоос холгүй нефтийн цооног олдож удалгүй энэ хот "нефтийн төв" болсон байна.
Нефтийн цооног гаргах төхөөрөмж 1000 доллараас бага үнэтэй байсан бөгөөд хоёр анд энэ бизнес рүү бүх анхаарлаа төвлөрүүлж эхлэв. Жилийн дараа Рокфеллер бүх хөрөнгөө зөвхөн нефтийн бүтээгдэхүүнд зарцуулахыг хамтрагчдаа санал болгов. Харин анд Кларк нь эсрэг саналтай байжээ. Иймд Жон андынхаа хувьцааг 72 500 доллараар худалдан авч пүүсээ зөвхөн нефт олборлох ажилд зориулах боломжтой болсон аж.
Иргэний дайн дуусангуут мэдээж АНУ-ын эдийн засгийн сэргэлт эхлэв. Өөрөөр хэлбэл айл өрх болгон керосин дэнлүү болон хөдөө аж ахуй, үйлдвэрийн багаж, техникийг тослох тос худалдан авах чадвартай болж эрэлт хэрэгцээ нь улам нэмэгдэж эхэлжээ. Чухамхүү энэ үед Рокфеллерийн компани жилд хоёр сая долларын цэвэр ашигтай ажилласан нь үнэхээр гайхамшиг байлаа. Гэхдээ Рокфеллерийн толгой дээр аянгын хар үүл хуралдаж эхэлснийг хэлэхгүй өнгөрч болохгүй. Учир нь тэд түүхий нефть гаргадаг байсан нь өөрийн өртөг нь хэтэрхий хямд байсан явдал юм. Ганц жишээ татахад, талхны цехтэй байсан нэгэн герман эр талх үйлдвэрлэхээ зогсоож ,түүхий нефть боловсруулан дэнлүүнд хэрэглэгдэх керосин үйлдвэрлэх авсаархан үйлдвэр байгуулсан байна. Жон энэ жижиг үйлдвэрийг үнэ цохин худалдан авч өнөөх герман эрийг дахин талх жигнэдэг болгож чадсан гэдэг. Гэвч Жон тэртэй тэргүй болох аянганаас зайлж чадаагүй юм. 1870 он гэхэд Жоны үйлдвэр хэрэгцээнээс гурав дахин илүү бүтээгдэхүүн үйлдвэрлэчихээд байв. Ийнхүү эдийн засгийн хямрал эхлэх нь тэр. Гэхдээ Жон энэ хямралыг тоохооргүй нэгэн байв. Учир нь түүний санхүүгийн боломж яаж ч мөнгөний ханш унасан өөрийгөө аваад явчих чадвартай буюу хэт гэмээр их орлоготой болчихсон байсан гэсэн үг билээ. Үүнийгээ тэрээр тун ч оновчтой тодорхойлсон байдаг. "Хэрэв нефтийн үнэ унавал бидэнд бусад эх ундаргуудыг нь худалдан авахад хэн ч саад болохгүй гэсэн үг. Бидэнд бусад баячуудаас ялгагдах нэг онцлог бий. Тэр нь манай улсын эдийн засаг эцэстээ хүртэл доройтсон ч бид сандралд оролгүй, харин ч ашигтай гарах санхүүгийн боломж байгаад оршино" гэсэн аж.
Тийм ээ. Чухамхүү энэхүү "алтан" үед л Рокфеллер "нөхөрлөл" байгуулан, хүчтэй дээрээ улам хүчирхэгжин, нэгэнт сульдаж ядраад байсан бусад нефтийн цооногуудыг хүч түрэн худалдан авсан билээ. Дэлхийд өнөө хүртэл нэр нь цуурайтах болсон "Standard Oil" хэмээх хувьцаат компани бий болсон түүх энэ юм. Гэхдээ сайн юманд садаа мундахгүй гэдэг шиг эдийн засгийн хямралын үед хямдхан худалдан авсан цооног болгоныхоо өмнөөс жинхэнэ хямралтай нүүр тулан уулзах нь түүний үүрэг байв.
1870 онд АНУ-д эхэлсэн эдийн засгийн хямрал жилийн дараа дээд цэгтээ хүрэх нь тэр. Тэр жил 32 насны сүүдэр зооглоод байсан, магадгүй дэлхийд хамгийн их санхүүгийн боломжтой байсан Жон хүртэл мэгдэн сандарч байсан нь түүх болон үлджээ.
Энэ тухайгаа тэрээр, тэртээ хожим дурсахдаа "Ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй байв. Чухамхүү юу хийх хэрэгтэйгээ бас мэдэхгүй байв. Гэхдээ л ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй байсан. Тэгэхгүй бол бизнес сүйрэх болчихоод байсан юм" гэсэн аж. Юу хийсэн нь өнөөгийн бидэнд ч ашиг тусаа өгөх байх. Эхлээд тэрээр төмөр замаар зөөгдөх өөрийн нефтийг ямар нэгэн саадгүйгээр шууд тээвэрлүүлэх аргыг олсон байдаг. Гэхдээ хамгийн хямд үнээр. Үүний тулд төмөр замын компанид "Бид нефьтээ зай завсаргүй зөөвөрлөж танай төмөр замыг байнгын ажиллагаанд оруулъя. Харин та нар үүний хариуд бидний хичээл зүтгэлийг үнэлж зөвхөн манай компаний бүтээгдэхүүнийг бусдаас хямд үнээр зорчуулна уу " гэсэн байна.
Мэдээж, хямралд ороод байсан төмөр замынхан уухайн тас зөвшөөрөлгүй яахав. Бас болоогүй ээ. Тэр үед түүхий нефтийг дарс шиг модон торхоор тээвэрлэдэг байж. Үүнийг Жон халж, анхны цистернийг бий болгосноор бас дахин ашиг олох боломжтой болсон байна. Энэ бүхний эцэст тэрээр өрсөлдөгчдөө унагах хамгийн муухай гэж хэлж болохоор аргыг ч хэрэглэж болох боломжтой болжээ. Тухайлбал, хөрөнгийн бирж дээр өөрийн "Standard Oil"-ийн хувьцааны үнийг навс буулгаж бусад өрсөлдөгч жижиг компаниудыг дампуурлын ирмэгт аваачин тэднийг ээлж дараалан худалдан авдаг болжээ. Гэхдээ үүний цаана өөсдийгөө байгааг нуухын тулд завсрын компаниудыг ашигладаг байсан аж. Завсрын компани гэдэг нь мэдээж өөрсдийнх нь бий болгосон компаниуд л даа. Энэ компаниудаар дамжуулдаг нь өрсөлдөгчдөөсөө өөрсдийгөө нуух маш сайн арга байв. Иймээс өрсөлдөгчид нь цаана нь "Standard Oil" байгааг мэдэлгүй ямар ч ажиг, сэжиггүйгээр өөрсдийн компанийг зуучлагч компанид нь зарчихдаг байсан байна.
Өөрсдийн хийж байгаа уйлдэл болгоныг "Standard Oil"-ынхон тухайн үеийн аль ч улсын тусгай албаныхан атаархмаар нууцалдаг байсан гэдэг. "Standard Oil"-ын төлөөлөгч болгон удирдлагатайгаа нууц бичиглэлээр харьцдаг байж. Яг л тагнуултай кинонд гардаг шиг. Тэр бүү хэл тэд зах зээл болон өрсөлдөгчийнхөө тухай мэдээ цуглуулдаг эдийн засгийн тагнуулын бүхэл бүтэн сүлжээтэй байсан ажээ. Сонирхуулахад, өнөөдөр "эдийн засгийн" гэдэг нэр өөрчлөгдөж "технологийн тагнуул" хэмээгдэх болсон билээ.
1879 он гэхэд "өрсөлдөгчдөө залгих дайн" үнэн чанартаа дуусах нь тэр. Учир нь "Standard Oil" энэ үед АНУ-ын нефтийн зах зээлийн 80 хувийг өөрийн гарт атгачихаад байв. Рокфеллер үүнийг "Энэ бол гарцаагүй болох зүйл байсан" хэмээн хожим нь дурссан байдаг.
Баргар дүр төрх, өрсөлдөгчдөө "залгидаг" муу арга нь сэтгүүлчдийн хараанаас мултарсангүй. "Standard Oil"-ын үйл ажиллагааны тухай анхны эрэн сурвалжилсан иж бүрэн материалыг Генри Лойд 1881 онд "Атлантик монели" сэтгүүлд хэвлүүлснээр уг сэтгүүлийн захиалга долоо дахин нэмэгдэж байсан гэдэг. Энэ бүхний дараа америк эхчүүд үгэнд ордоггүй хүүхдээ "Ингээд байвал Рокфеллер шиг болно шүү" хэмээн айлгах болсон байна. Харин энэ бүгдийг Жон огт тоодоггүй байсан бөгөөд "Ард олон бидний бизнест саад болох эрхгүй" хэмээн мэдэгдэж
байсан аж. Түүний нэг хамтран зүтгэгч нь "Хэдийгээр бид хүнлэг бус, хатуу, итгэл зүрхгүй мэт та бүхэнд ойлгогдож байгаа ч бидний олж авсан имижид хэн ч гэсэн атаархахгүй байхын аргагүй. Учир нь бид урд өмнө хэний ч олж авч байгаагүй санхүүгийн тийм оргилд хүрсэн" хэмээн 1887 онд бичиж байжээ.
Иргэний зориулалтаар машин бөөнөөр үйлдвэрлэгдэж эхэлсэн үед "Standard Oil"-ын төгсгөл ирлээ хэмээн олон мэргэжилтэнгүүд дүгнэсэн байдаг. Энэ ч тухайн үедээ буруу ч юм байсангүй. Учир нь "Standard Oil"-ынхон кресиноор мөнгө олдог байсан билээ. Яг үнэндээ "чийдэн" гарчихсан байсан учир мэргэжилтэнгүүд "тэдний мөхөл ирлээ" хэмээн хүлээж байв. Тэгтэл жинхэнэ "сонин юм" болох нь тэр. Цаг үе нь буюу хэрэглэгчийн хэрэгцээг яаж хангах вэ гэдгийг тэр үед "Standard Oil"-ын захирлууд цагаа олж мэдэрсэн байдаг. XIX зууны эцсээс эхлэн Рокфеллер нөлөө бүхий улс төрчдийг "худалдан авч" эхэлсэн байдаг. Энэ нь сүүлд түүнийг буруутгах нэг шалтгаан болсон юм. Түүнд Бүгд найрамдахчууд болон Ардчилагчдын аль альныг нь худалдан авах мөнгө хангалттай байсан аж. "Standard Oil"-ынхон Огайо мужаас сонгогдсон Бүгд найрамдах намын гишүүн сенаторыг албан ёсоор санхүүжүүлж байсан бөгөөд зөвхөн 1900 онд л гэхэд түүнд зориулан 44500 ам.доллар гаргаж байсан нь тэр үедээ асар их мөнгө байжээ. Мөн Ардчилсан намаас сонгогдсон Техасын сенаторт Даллас хотоос холгүй 6000 га газар бүхий эдлэн газар худалдан авч өгч байв.
-Рокфеллер энэ хоёр намын дансанд ч хангалттай мөнгө оруулдаг байлаа. 1901 онд Уильяма Мак-Кинлийг алагдахад дэд Ерөнхийлөгч Теодор Рузвельт хуулийн дагуу АНУ-ын Ерөнхийлөгч боллоо. Тэрээр өөрийн гол зорилгыг хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, нийгмийн хангамжийг сайжруулах, том хөрөнгөтөнгүүдэд тавих хяналтыг сайжруулах хэмээн тодорхойлов. Рузвельт зорилгыг биелүүлж юуны урд " Standard Oil "-ын үйл ажиллагааг эрс хатуу шүүмжилж эхлэв. Тэр үед хууль зүйн сайд байсан Филандер Нокс хожим нь дурсахдаа "Намайг 1904 оны сонгуулийн дараа Ерөнхийлөгчийн өрөөнд ороход тэрээр "Standard Oil"-оос түүний сонгуульд зориулан өгсөн мөнгийг буцаан өгөх тухай албан захидлыг хэлж бичүүлж байлаа. "Ноён Ерөнхийлөгч минь бид энэ мөнгийг аль хэдий нь зарцуулчихсан шүү дээ" гэж намайг хэлэхэд Ерөнхийлөгч Рузвельт "За яахав. Гэхдээ ямарч байсан энэ захидлыг албан ёсны тайланд хавсарга" гэж хэлсэн байна.
Эцэст нь 1906 оны арваннэгдүгээр сараас Сент-Луисын мужын тойргийн шүүх "Standard Oil"-ын эсрэг Рузвельтын хэрэг эрхлэх газраас гаргасан заргын дагуу шүүх ажиллагаа эхэлсэн байна. "Standard Oil"-ыг монополын эсрэг хуулийг зөрчиж бусад адил төст компаниудын үйл ажиллагааг хаан боогдуулсан хэмээн буруутгасан юм. Ерөнхийлөгч өөрөө "Standard Oil"-ын захирлуудыг "Улс орны хамгийн том гэмт хэрэгтэнгүүд" хэмээн зарлав. Гэвч Рокфеллер өөрийн байгуулсан аварга компанийг "задарна" гэдэгт итгэхгүй байжээ.
Тэр ондоо шүүхээс "Standard Oil”-ыг буруутай хэмээн үзэж санаанд оромгүй их мөнгө буюу 29 сая доллараар торгох шийдвэр гаргажээ.
Рокфеллерийг хамтран зүтгэгчидтэйгээ гольф тоглож байтал шуудан зөөгч хүү шүүхийн шийдвэрийг авчирч өгсөн гэдэг. Рокфеллер дугтуйг задлан шийдвэрийг уншаад юу ч хэлэлгүй захидлыг халаасандаа хийж "Алив нөхөд өө, тоглоомоо үргэлжлүүлье" гэсэн байна. Нэг хамтран зүтгэгч нь тэсэлгүй "Ямар шийдвэр гарч вэ?" гэхэд Рокфеллер "Хамгийн дээд хэмжээ" гэж хариулаад "Энэ шүүгч энэ торгуулийн мөнгийг авч чадахгүй" гэж нэмж хэлээд тоглоомоо үргэлжлүүлсэн гэдэг.
Хэдийгээр энэ торгууль төлөгдөөгүй нь үнэн боловч 1909 онд шүүхээс Засгийн газрын заргыг зөвтгөн "Standard Oil"-ыг тараах шийдвэр гаргажээ. Компани дээд шүүхэд давж заалдсан боловч хоёр жил шалгасны дараа шүүхийн шийдвэр хэвээр үлдэв. 1911 оны эцсээр "Standard Oil" оршин тогтнохоо больж оронд нь хоорондоо хамааралгүй 38 компани байгуулагдсан байна. Эдгээрээс хамгийн том нь 1970 оноос "Еххоn" болсон “Jersey Standard”, хожим нь "Mobil" гэж нэрлэгдэх болсон “Standard Oil Co of New York”, "Аmoco" гэж нэрээ өөрчилсөн "Standard Oil of indiana", хожим нь "Chevron" болсон "Standard Oil of California", өнөөдөр "ConocoPhillips" гэж нэрлэгдэж байгаа "Continental Oil Company" компаниуд юм. Жон Рокфеллер салсан компани болгонд өөрийн гэсэн хувьцаатай байсан боловч эдгээрийн ажил хэрэгт оролцох эрхгүй болсон байна. Учир нь энэ явдлаас хойш АНУ-ын нефтийн компаниудыг хөлсний менежерүүд удирдах болсон аж.
Рокфеллер Дээд шүүхийн шийдвэрийг царай нь барайсан ч гэсэн ямар нэгэн юм хэлэлгүй, үг дуугүй хүлээн авсан гэдэг. Олон жилийн дараа тэрээр ач хүү Нельсонд ч "Standard Oil"-ын тухай ярилцлага өгөхөөс татгалзсан байдаг. Гэхдээ зүгээрч үгүй "Би энэ тухай хэнд ч, хайртай ач хүү Нельсон байсан ч ярилцлага өгөхгүй" гэсэн гэдэг.
Өнөөдөр Рокфеллерийн үр сад гэж хоёр зуу орчим хүн байдаг бөгөөд тэд зургаан тэрбум гаруй долларын хөрөнгө эзэмшдэг учир АНУ-ын тэргүүн баячуудын тоонд зүй ёсоор багтдаг. Тэдний хөрөнгийн гол эх үүсгэвэрийг нефтийн "Еххоn Mobil" компани болон АНУ-ын томоохон банкны нэг болох "Manhattan Bank" хангадаг байна. Рокфеллерийн үр сад дэлхийг хамарсан бизнесийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өнөөдөр ч гэсэн АНУ-ын улс төр болон Ерөнхийлөгч, конгрессын гишүүдийн сонгуульд тодорхой нөлөөтэй байдаг.
Рокфеллер амьдралынхаа хугацаанд нийт 500 сая долларыг буяны үйлсэд зориулсан бөгөөд 80 сая долларыг Чикаго хотын Их сургууль, 100 саяас багагүйг Баптистын сүмд хандивласан гэдэг. Мөн тэрээр Нью-Йоркийн анагаах ухааны судалгааны хүрээлэнг байгуулж санхүүжүүлсэн бөгөөд бүх нийтийн боловсролын зөвлөл, Рокфеллерийн санг байгуулсан байна.
1917 онд Жон Дейвисон Рокфеллерийн хувийн хөрөнгө 900 саяас нэг тэрбум ам.доллараар үнэлэгдэж байсан бөгөөд тэр үеийн АНУ-ын ДНБ-ний 2.5 хувь болж байжээ. Энэ хөрөнгө нь орчин үеийнхээр бол 150 тэрбум доллар бөгөөд тэрээр одоо болтол дэлхийн хамгийн баян хүнд тооцогдсоор байгаа юм.
Насны эцэст Рокфеллер 32 компаний хувьцаанаас гадна төмөр замын 16, усан тээврийн зургаа, гангийн мөн зургаан компани, есөн банк, гурван жүржийн талбайтай байжээ. 1903 онд "Standard Oil"-ын мэдэлд нийт 400 орчим аж ахуйн нэгж байгууллага байсан гэх бөгөөд 90 мянган миль нефть дамжуулах хоолой, 10 мянган нефть тээвэрлэх цистерн, далайгаар нефть тээвэрлэх 60 хөлөг онгоц, гол, мөрөнгөөр нефть тээвэрлэх 150 онгоцтой байсан аж.
Энэ үед "Standard Oil" компани АНУ-ын нийт нефтийн 80 хувийг боловсруулж, тээвэрлэдэг байсан бөгөөд харин дэлхийн нефть бүтээгдэхүүний 70 хувийг хангадаг байжээ.
Г. Амарсанаа