23/03/2018
Бурууг буруу хэмээн жигшин шийтгэж, зөвийг зөв хэмээн магтан сайшааж эхэлсэн үеээс хүн төрөлхтний харилцаа илүү эрүүл хийгээд дэвшилтэт болсон. Хүн төрөлхтөн анх үүссэн цагаас эхлэн ёс суртахууны хөгжил даган хөгжсөөр өнөөдрийн бидэнд иржээ. Тиймээс ёс суртахуун нь өөрөө шашинаас ч өмнө байсан хүн төрөлхтний үнэт зүйл юм. Хүн төрөлхтний бүхий л дэвшилтэт харилцаа ёс суртахууны дүрмээр явагдаж байдаг. Харин Монголчууд бидний нийгмийн хийгээд хувь хүмүүсийн харилцаанд ёс суртахууны үүрэг оролцоо тийм ч чухал биш байдаг нь харамсалтай.
Шашинаас, нийгмийн харилцаанаас, гэр бүлийн хүмүүжлээс бид ерөнхийдөө ёс суртахууны хүмүүжлийг олж авдаг. Гэхдээ Монгол улсын шашны байгууллагууд, боловсролын байгууллагуудаас Ёс суртахууныг нийгэмд таниулах, түгээн дэлгэрүүлэх, ойлгуулах үйл ажилуудыг хийдэггүй. Харин гэр бүлийн хүрээнд л Ёс суртахууны хүмүүжил боловролын асуудлууд яригдаж байна. Шашин хийгээд боловсролын байгууллагуудын үндсэн үүрэг уг нь ёс суртахуунаар удирдуулсан сайн сайхан нийгмийг цогцлоон бүтээх шүү дээ. Түүнээс биш учир утгагүйгээр хэн нэгнийг шүтэж, олон диплом авах нь чухал биш. Ёс суртахууныг нийгмийн хийгээд, хувь хүмүүсийн харилцаанд авчрах ёстой энэ 2 байгууллагууд ажлаа хийхгүй байгаагаас болоод Монгол улсад ёс суртахуунлаг бус үйлдлүүд газар авч байна. Сайн аав ээж, сайхан амьдрал бүгдэд тэгш заяадгүйгээс болоод Монголын нийгэмд ёс суртахууныг ганц түгээгч болсон гэр бүлийн орчин дахь ёс суртахууны үнэт зүйлс хоорондоо зөрчилдөж байна.
Эндээс дүгнэхэд Монгол улсад Ёс суртахуун-ыг түгээн дэлгэрүүлэх 3 гол хүчин зүйлүүд тийм ч сайн ажиллагүй байгаагаас болоод нийгмийг цочирдуулсан аймшигт хэргүүд гарч байна.
Зөвхөн эдгээр аймшигт хэргүүдээр тогтохгүй. Авилгал, худлаа ярих, хулгай хийх гээд л Монголын нийгэмд хэвийн үзэгдэл мэт болсон ёс суртахуунлаг бус үйлдлүүдийн шалтгаан нь бид ёс суртахууны үнэт зүйл, нэгдсэн ойлголтуудгүйтэй шууд холбоотой юм.
Хүн амьтнаас оюун ухаантай гэдгээрээ ялгардаг. Оюун ухаан хийгээд ухамсар нь хүнийг хүн болгож өгдөг. Харин хүн хэмээх эрхэм нэрийн дор үйлдэж буй бузар үйлдлүүдийг хүлээн зөвшөөрч, өөгшүүлж буй Монголын нийгэм өөрөө хүмүүнлэг бус нийгэм юм.
Бидний бий болгосон энэ хүмүүнлэг бус нийгмээс хүмүүнлэг бус үйлдлүүд гаран гарсаар өнөөдөр бид хүн төрөлхтний хамгийн адгийн ёс суртахууны үнэт зүйлтэй үндэстэн болоод байх шиг.
Үндсэн хуулиндаа заасан Хүмүүнлэг, Иргэний, Ардчилсан нийгмийн төлөө Монголчууд бидний хэн нь ч зорьсонгүй бас тэмцсэнгүй. Хүмүүнлэг гэдэг нь ёс суртахуунлаг, Иргэний гэдэг нь хариуцлагатай, боловсролтой, Ардчилсан гэдэг нь ард түмний амьдралын төлөө гэсэн утгатай баймаарсан. Зүгээр л хоосон үг, хэрэггүй уриа лоозонгуудын хооронд 4 жилийн сонгуулын циклээр амьдарсаар бидний амьдрал там шиг болж байна. Хүмүүнлэг бус нийгэмд хүмүүнлэг бус үйлдлүүд үнэлэгдэж, шударга бус явлууд цэцэглэн хөгждөгийг Монгол орны сүүлийн 30 жилийн түүх бэлхнээ гэрчилнэ.
Хүмүүнлэг нийгмийн төлөө Монголчууд тэмцэх цаг иржээ...
Монгол хүн таны саруул ухаанд итгэж байна...