28/04/2026
Хуучин шиг утасныхаа батарейг өөрсдөө сольдог үе эргэн ирж байна
- Хүмүүс утсаа солих хамгийн түгээмэл шалтгаан нь эвдрэл гэмтэл биш, харин ердөө л батарей муудах байдаг гэдгийг судалгаагаар тогтоожээ. Утас нь гавшгай, зураас ч үгүй хэрнээ өдрийн талд цэнэгээ алдчихдаг болохоор л бид арга буюу шинэ утас авахад хүрдэг шүү дээ. Тэгвэл Европын Холбоо энэ асуудлыг шийдэж, ухаалаг утасны зах зээлд эрс өөрчлөлт авчрах шинэ журам баталлаа. 2025-2027 оны хооронд үе шаттайгаар хэрэгжих энэ хууль бидний төхөөрөмжөө ашиглах дадлыг бүрмөсөн өөрчлөх нь ээ.
Өмнө нь бүх утсыг "USB-C" цэнэглэгчтэй болгох хууль гаргаж байсныг та санаж байгаа байх. Тэгвэл энэ удаад үйлдвэрлэгчдээс утсыг илүү урт насжилттай, засаж янзлахад хялбар байхыг хатуу шаардаж эхэллээ.
2027 он гэхэд утас үйлдвэрлэгчид дараах дүрмийг заавал дагах ёстой:
1. Батарейг хэрэглэгч өөрөө солих боломжтой болно: Тусгай нарийн багаж, эсвэл заавал албан ёсны сервис төв гэлтгүйгээр хүн бүр гэртээ батарейгаа төвөггүйхэн сольчихдог болно.
2. Батарейны насжилт уртасна: 800 удаа бүтэн цэнэглэж, шавхсаны дараа ч батарейны багтаамж 80 хувиас буухгүй байх чанарын стандарт тогтооно.
3. Сэлбэг тасрахгүй: Тухайн утасны загвар хуучирсан ч, үйлдвэрлэгч 10 жилийн турш сэлбэг хэрэгслээр тасралтгүй хангах үүрэг хүлээнэ.
4. Засварын нууц гэж үгүй: Утсаа хэрхэн задлах, засах гарын авлагыг хүн бүрд нээлттэй, үнэгүй байршуулна.
5. Засварчдын эрхийг хамгаална: Албан ёсны бус, гуравдагч засварын газрууд үйлчилгээ үзүүлэхэд ямар нэгэн байдлаар саад учруулах, хязгаарлахыг бүрэн хориглоно.
Товчхондоо, энэхүү зохицуулалтын ачаар бид нэг авсан утсаа олон жил санаа амар ашиглах боломжтой болж, электрон хог хаягдал эрс багасах сайн талтай юм