07/09/2022
Бартаат замын уралдаан
Монгол улс бол бартаат замын уралдаан юм. Өглөө гэрээсээ гараад сургууль руугаа явья гэхэд л энэ уралдаан эхэлдэг. Монгол улсад худаг бол хүүхдийн орчин. Өвлийн хүйтэнд 40 литрийн ус төмөр тэргэн дээр тавиад уулын орой хүртэл чирж гулдарч, сөхөрч асгаж аваачих нь хүүхдийн л хийх ёстой ажил. Шартсан аав тэр уснаас шанагаар залгилна хараал урсгана. Ингээд бодохоор хүний, ялангуяа хүүхдийн амьдрах зам маш их бартаатай. Жаахан том болоод сургуульд орж бусадтай адилхан суралцаж хөгжье гэвэл шууд л маш том бартаа саад тулгарна. Чамайг өмссөн зүүснээр чинь ялгаварлан, ахынх нь хүүхдээс шилжиж ирсэн хуучин цүнх чиний нийгмийн нүүр царай болно. Багш нь хүртэл царай харна. Чиний царай эцэг эхийн халаасаар хэмжигдэнэ. Чи хэн байснаараа биш хэн шиг байж чадаагүйгээр хэмжигдэнэ. Ингээд арай гэж сургууль төгсөөд нийгэм дээр гарья гэвэл хамгийн том бартаа чамайг тушиж зогсооно. Чи ямар нэг даргын хүүхэд, эсвэл сайн дүү биш л бол намын гишүүн байх ёстой. Дээрээсээ шууд татаасгүй бол чи долоож чаддаг байх хэрэгтэй. Чиний авьяас чадвар мэдлэг оюун түй ч хамаагүй архи сайн хундагладаг, ах нарын зараасанд сайн гүйдэг, нууц хадгалдаг, хамгийн гол нь маш сайн долоодог байх ёстой. Чи зөв намаа олж долоовол чамд хусам оногдоно үгүй бөгөөс ээлж ирэхийг итгэж хүлээнэ. Хэрвээ чи эмэгтэй хүн бол энэ бартаа 2 дахин үржигдэнэ. Хамаатныхаа ахыг шоронд явуулчихгүйн тулд чи хүчирхийллийг тэвчих ёстой. Дуртай хувцсаа өмсөөд доромжилуулж нулимуулсан бол чиний л буруу. Ажлын байрны бэлгийн дарамт бол яаж ч өсөж дэвжих гээд явуулдаггүй чөтөр бартаа тушаа юм. Бүгд үүнтэй эвлэрсэн новшын нийгэм. За яахвээ ингээд цааш нь яривал олон л зүйл байна. Гэтэл ! Энэ улсад бартаагүй улаан шугамаар явдаг зүйлс бас байна аа. Нам дагасан новшнуудад хулгай хийхэд ямар ч бартаа алга. Хууль батлахад ямар ч бартаа алга хүсвэл өдөрт нь хууль батлаад хүссэнээ дээрэмдэж байна. Хүн гүтгэхэд ямар ч бартаа алга, үнэнийг сарниулахад ямар ч бартаа алга аа. Нам гэдэг нь улсын дээр заларч, нам дагасан болгон мөнхийн юм шиг савсагнаж, нам дотроо л ярьсан бол юуг ч томилдог, устгадаг бүр хувийн өмчийг ч нураадаг дээрэмддэг болжээ. Ядаж арай үгүй байхдаа гэтэл юугаар ч дутаагүй, өөрсдийгөө аваад явчих чадалтай, нэр хүндтэй хийсэн бүтээсэн зүйлтэй залуус хүртэл багахан шуналаа дарж чадалгүй биеэ оюунаа худалдаж, үзэл бодлын янхан болцгоож, маргаашийн ирээдүйгээ өнөөдрийн хоолноос өгцгөөж эхэлсэн. Өнөөдөр тэд дор бүрнээ халаглаж цэцэрхэцгээж байна. Хэн сонсох вэ дээ. Өмхийг нь мэдсээр байж баас нэмж шавсаар энэ бат бөх эвдэршгүй байшинг хамтдаа босгосон шүү дээ. Одоо тэр том аппарат өөрөө ч энэ аймшигтай махны машинаа дийлэхээ болиод засья гээд засаж чадахгүй болцгоож байна. Хэнийг ч урж тасдахад бэлэн зэрлэг нохой сургасан гэсэн үг. МАНАН хэрвээ Монголын бартаа мөн бол ... Жинхэнэ бартаа нь ходоодоо давж гарахгүй байгаа бидний тархи юм. Сонголт МАН дотроо ч байсан, АН дотор ч байсан, ХҮН дотор ч илүү сонголт байсан. Харин бид 20.000 төгрөг сонгосон. Үгүй гэж хэлсэн ч өөрсдөө дотроо мэдэж байгаа. Сар болгон орж ирэх халамж үгүй болчих вий гэж айгаад сонгосон ... Одоо бид 16 яам, 37 сайд, 37 сайдын туслах, 37 сайдын зөвлөхийн энэ бүх данхар бүтэц, бүхэл бүтэн намын хамаатан садны сүлжээ тэдний амьдралыг сайжруулахын төлөө, тэр төлөөсөө төлж байна. Бид бүхнийг энэ бүх жүжгийг бид харж байгаа шдээ. Бүгд ганган хувцсаа өмсөөд ерөнхийлөгчийн хүлээн авалтанд очиж энэ бүх хандлагыг чимээгүй дэмжихэд Мөнх-Эрдэнэ гэдэг хүн л сайн муугаараа дуудуулан нийгмийн хамгийн адгийн шударга бус явдал, үнэн нүүр царайтай тулж сошиал дээр биш биеээрээ мөргөлдөж байх шиг ... Юу ч гэж хардаж болно хүн гэхдээ тохилог буйдан дээрээ утсаа маажиж хэвтэхдээ бодит үнэнтэй заримдаа эвлэрчих хэрэгтэй. Модон жорлон, дархны зам, хаалттай хил, хүчирхийлэлтэй нийгэм, тэг зогсолт, стресстэй хүмүүс, утаа айсуй ... Яг хамар дор айсуй шүү ... Монгол улс маань өөрөө бартаат замын уралдаан болж, Дархны зам дээр нь хүн амын тоотой харьцуулвал дайнаас дутахгүй хүн амиа алджээ. Автын ослоор нь жил бүр автуус дүүрэн хүүхдүүд цусанд хутгалдаж байна. Ахиад бидэнд ямар бартаа хэрэгтэй вэ ? Эсвэл энэ өөрөө нийгмийн садисм уу ? Үүнд дөжирч буй нь өөрөө тэр садисмын илрэл үү ...
Ч.Ганжавхлан
2022.08.29