25/08/2025
Азийн бүс нутаг сүүлийн жилүүдэд блокчейн болон криптовалютын салбарт дэлхийн тэргүүлэх төв болж эхэлж байна. Энэ нь зөвхөн технологийн хөгжилтэй холбоотой бус, харин ч бүс нутгийн улс орнуудын баримталж буй бодлого, хэрэглэгчдийн идэвхтэй оролцоо, хөрөнгө оруулагчдын сонирхол зэрэг олон хүчин зүйлсийн нийлбэр юм.
Юуны өмнө, Ази бол дэлхийн хүн амын хамгийн их төвлөрсөн бүс. Хятадаас эхлээд Энэтхэг, Зүүн Өмнөд Ази хүртэлх орнуудад залуу, технологид дуртай хэрэглэгчид их байдаг. Тэд шинэ технологийг хэрэглээнд хурдан нэвтрүүлдэг учир криптовалют болон блокчейны хэрэглээ маш эрчимтэй өсч байна.
Нөгөө талаар, Засгийн газруудын байр суурь ч чухал нөлөөтэй. Жишээлбэл, Япон улс эртнээс хууль эрх зүйн зохицуулалтаа боловсруулсан бол Өмнөд Солонгос, Сингапур зэрэг улсууд криптовалютын арилжаа, токен гаргалт, блокчейн стартапуудыг дэмжих нөхцлийг бүрдүүлжээ. Энэ нь хөрөнгө оруулагчдад илүү итгэлтэй орчинг бий болгож байна.
Азийн хөрөнгө оруулагчид ч идэвхтэй байна. Тэд зөвхөн криптовалют арилжиж зогсохгүй, блокчейн технологид суурилсан олон төслийг санхүүжүүлж, дэлхийн зах зээлд гаргах үйл явцыг хурдасгаж байна. Ингэснээр Ази зөвхөн хэрэглэгч бус, инновацын эх үүсвэр болж хувирчээ.
Блокчэйн салбарын дэлхийн томоохон арга хэмжээнүүд Азийн бүс нутагт болсоор байна. Тухайлбал Өмнөд Солонгосын Korea Blockchain Week (KBW2025), Сингапурын TOKEN2049, Хонг Конгийн Web3 Festival, Японы Blockchain Week зэргийг дурдаж болно.
Эцэст нь хэлэхэд, Азид дижитал төлбөрийн систем, цахим худалдаа, финтек үйлчилгээ маш хурдтай хөгжиж байгаа нь блокчейнтэй органик байдлаар уялдаж байна. Энэ бүхэн нийлээд Ази дэлхийн блокчейн экосистемийн төв болж, ойрын жилүүдэд энэ байр сууриа улам бататгах төлөвтэй байна.