26/07/2022
ЧИНГИС ХААНЫ ЭШ ХӨРӨГ
Эзэн богдын 860 насны ойг дуртгаж, саяын наадмаар Ерөнхийлөгчийн зүгээс “Чингис хааны эш хөргийг айл өрх, албан байгууллага бүр залах” зарлиг буулгалаа.
1278 оны хуучдаар Хубилай хаан Хорихусун хэмээх монгол зураачид Чингис хааны хөрөг бүтээхийг даалгасан тухай түүхэн сурвалжуудад тэмдэглэжээ. Тэр ёсоор бүтээгдсэн гэгддэг хоёр л эш хөрөг бий. Эхнийх нь Тайваний Үндэсний ордон-мүзейд, хоёр дахь нь БНХАУ-ын Түүхийн мүзейд байдаг. Хоорондоо маш адилхан, хэмжээ ойролцоо (Тайпэйд буй нь 59,4см Х 47см, торгон дээр зурсан. Бээжинд буй нь 58,3см Х 40,8см, цаасан дээр зурсан), ер нь нэг зургийн хоёр хувилбар бололтой. Алийг нь нөгөөгөөс нь хуулсан бэ гэдгийг тодруулах боломжгүй ч, XIII зууны үеийн бүтээлүүд мөн гэдгийг шалгаж тогтоосон юм билээ.
Бээжинд буй хөргийг 1920 онд Монголд ирсэн Чэн Хуань гэгч хятад генерал нэгэн монгол вангаас бэлгэнд авсан гэдэг. Генералын үр хойчис 1953 онд уг зургийг БНХАУ-ын Түүхийн музейд өгсөн аж. “Энэ бол Хорихусуны зурсан жинхэнэ хөрөг” гэж Өвөрмонголын эрдэмтэн Сайшаал, Баяр нар баримт дурдаж бичсэн нь бий.
Тайваньд буй хөрөг бол Манж Чин улсын хааны ордноос авч 1948 оны үед эх газраас тээвэрлэн аваачсан үнэт зүйлсийн дотор байж. 1748 онд Манжийн Тэнгэрийн тэтгэсэн хааны зарлигаар Мин улсын үеийн сан хөмрөгөөс авч залсан гэх уг хөргийг монгол бичгийн хорголжин барын эцэг болсон Харчины Тэмгэт 1925 онд анх гэрэл зурагт буулган хэвлэснээр дэлхийд танигдсан юм. Тайваний тал өөрт буй хөргийг Чин улсын эзэн хааны ордны цуглуулгаас уламжилсан тул жинхэнэ эх нь гэж үздэг. Харин Хятадын тал өөрт буй хөргийг Халх Монголын ван хэргэмтэй том ноёныд үе улиран шүтэгдэж ирсэн тул жинхэнэ эх, Чингийн хааны ордонд байсан нь Мин улсын үеийн хуулбар зураг гэж маргадаг ажээ.
--
ЖИЧ:
Зэрэгцүүлсэн 2 зургийн эхнийхийг нь Тайванийн Үндэсний ордон-мүзейн танилцуулгаас авав. Хоёр дахийг нь миний бие БНХАУ-ын Түүхийн мүзейд сүүдэрлэсэн болно.